МАРКЕТИНГ
 
 
 
 

GOOD News

“Mercedes-Benz SL” автомашины хувьсал


Дэлхийн автомашины зах зээлд хэдэн зуу мянгаар тоологдох автомашин худалдаанд гарч байдаг ч тэднээс маш цөөхөн нь энгийн тээврийн хэрэгсэл гэсэн утгаас хальж гарсан байдаг, тэдгээрээс мөн л өчүүхэн жаахан төдий хэсэг нь үнэхээр бусдаасаа хэт давамгай, илүү хүчин чадалтай хөдөлгүүртэй, хэн нэгний мөрөөдлийн эсвэл сонгодог автомашин болж чадахуйц бүтээлүүд байдаг.


 

Тэдгээрийн нэг нь Mercedes-Benz SL. SL гэсэн үсэг нь “sport, leicht” буюу спорт загварын хөнгөн автомашин гэсэн утгатай юм. Тэгэхээр SL загварын автомашин амьдралыг уралдааны зам болгосон гэж хэлж болно. 1950-аад оны үеэс өдгөөг хүртэл автомашины ертөнцөд ердөө таван л хувьсал байсан. Харин SL загварын автомашин тэдний алинд нь ч хамаарагдахгүй онцгой гойд байсан юм.

 


1954 оны Mercedes-Benz 300SL Gullwing Хөнгөн цагаанаас ч хөнгөн жинтэй чамин содон материалаар бүтээсэн, гурван литрийн эзлэхүүнтэй хөдөлгүүр бүхий уг автомашин нь шатахууны хувьд үнэхээр хэмнэлттэй байжээ. Үнэхээр урлагийн бүтээл гэмээр 300SL Gullwing автомашин анх 1954 онд зах зээлд гарч, дэлхий нийтэд алдаршжээ. Дээд зиндааныханд зориулагдсан, өндөр үнэтэй энэхүү машин тухайн үедээ 6820 ам.долларын үнэтэй байв. Харин өдгөө 300SL Gullwing автомашин нь машин цуглуулагчдын мөрөөдөл болсон ховор эд болжээ. SL загварын автомашины замнал үүнээс л эхэлсэн юм.

 

 1957 оны Mercedes-Benz 190SL Эдүгээ SL загварын автомашин дэлхийн хэмжээнд алдаршихад америкчууд ихээхэн үүрэг гүйцэтгэж, том хувь нэмэр оруулсан. Угаас америкийн зах зээл асар том, асар хурдацтай явагддаг. Алдарт автомашины худалдаачин Макс Хоффмэн 1952 онд хамгийн анх “Mercedes-Benz” автомашиныг америкийн зах зээлд нэвтрүүлжээ. Европ дахинд “Mercedes-Benz 300SL Gullwing” гэх автомашин шуугиан тарьж буйг олж сонссон тэрбээр шуудхан л үйлдвэртэй холбоо барьж, нэг мянган ширхгийг захиалсан байна. Түүнчлэн тэрбээр энэхүү автомашины арай жижиг, хямд загварыг үйлдвэрлэх санал тавьсан аж. Харин түүний захиалгаар бүтсэн автомашин нь 190SL байсан юм. Зөөлөн материалаар хийгдсэн эвхэгддэг дээвэртэй, 1.9 литрийн эзлэхүүн бүхий хөдөлгүүртэй 190SL автомашин залуу хөрөнгөтнүүдийг байлдаг дагуулж байлаа. 3998 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байсан нь тухайн үедээ хүссэн бүхний унаа болоход арай л өндөр үнэ байв.

 

 

 


1963 оны Mercedes-Benz 230SL Энэхүү шинэ автомашин нь өмнөх хоёр автомашины амжилтыг хол давж чадсан юм. Цоо шинэхэн avant-garde буюу авангард загварын 230SL нь үнэхээр олны анхаарлыг татаж байлаа. Анх 7367 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан 230SL автомашины үйлдвэрлэл 1971 онд бүрэн зогсчээ. Харин түүний оронд хатуулаг материалаар хийгдсэн салдаг, задгай дээвэртэй, гоёмсог бүрээстэй автомашин худалдаанд гарсан байна. Үйлдвэрлэгдэж байх хугацаанд нийт 48912 ширхэг 230SL автомашин худалдаанд гарчээ.

 

 

 


1972 оны Mercedes-Benz 350SL 1972-1989 оны хооронд үйлдвэрлэгдэж байсан 350SL загвар нь найман цилиндр бүхий хүчирхэг хөдөлгүүртэй байсан юм. Энэ үеэс эхлэн “Mercedes-Benz”-ийн SL автомашинууд илүү том, хүнд, спортлог болжээ. Гэхдээ гадаад үзэмжийн хувьд өмнөхөөс илүү гоёмсог, үзэмжтэй болсон юм. Нийт 250 мянган ширхэг 350SL үйлдвэрлэгдсэнээс 60 гаруй хувь нь Америкийн зах зээл рүү гарчээ. Харин үнийн хувьд 12986 ам.доллар байсан юм.

 

 

 


1990 оны Mercedes-Benz 500SL “Mercedes-Benz”-ийн SL загварын автомашины дөрөв дэх үе олныг алмайруулж байсан ерөнхий хэв загвараас нэлээд өөр байсан. Энэ удаагийн 500SL автомашин ч мөн 83500 ам.долларын үнэтэй, дээр нь SL загвараас багагүй “гажсан” байсан юм. Ослын үед эсвэл товчлуур дармагц гарч ирэх хамгаалалтын төхөөрөмжтэй, дээвэр нь бүрэн автомат ажиллагаатай байжээ. Түүнчлэн 12 цилиндртэй, 7.3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй байв.

 

 


2003 оны Mercedes-Benz SL500 Салхи татуулан давхихын зэрэгцээ зугаацаатай байх боломж олгосон SL500 автомашины салон үнэхээр тансаг, ганган, гоёмсог юм. Ганган хээнцрийн дээр тухайн үед ашиглагдаж байсан компанийн хамгийн сүүлийн үеийн, шилдэг гэх бүхий л технологийг шингээсэн бүтээл болсон. 85990 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан уг машиныг цөөн тооны чинээлэг худалдан авагчид хөлөглөж, дээд зиндааныхны хэрэглээ болжээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (3)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Web statsGOOD
Developed by: miniCMS™ v2